Баянхошуу дэд төвийн 1000м3 хүчин чадалтай усан сан, насос станцын барилга байгууламж, шугам сүлжээ ашиглалтад орлоо. Дэд төвийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд, гүйцэтгэгч “Бумбод” ХХК-ийн захирал Ц.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд барьсан 1000м3 хүчин чадалтай усан сангийн барилга угсралтын ажил ийнхүү өнөөдөр бүрэн дуусч, үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Уг усан сангийн барилга ашиглалтад орсноор Баянхошуу дэд төвд оршин суугаа 3.466 өрхийн 13.163 иргэд ундны усны эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэж байна.